Зөөлөн буух төлөвлөгөө бэхэжсээр

Гадаад
2024-01-26

Онцлох санаанууд:

• Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчид АНУ-ын зөөлөн газардах нөхцөлийг бататгасан хоёр мэдээ хүлээн авсан билээ: Үйлчилгээ болон үйлдвэрлэлийн аль алиных нь (S&P PMI) үзүүлэлт 1 сард өсөлттэй ба IV улирлын ДНБ-ний өсөлт таамаглаж байсан 2%-ийг давж 3.3% хүрсэн байна.

• Хэдийгээр эдгээр үзүүлэлтүүд эдийн засгийн тухай хоцрогдолтой мэдээлэл өгдөг ч АНУ-ын эдийн засаг шинэ онтой зэрэгцэн сулраагүйг батална. Өнгөрсөн оны эцсээр эдийн засаг хурдацтай өссөнийг тооноос харж болно. Үүний зэрэгцээ инфляц 2024 он гарснаас хойш бага зэрэг буурах шинжтэй болсон.

• Энэхүү инфляцын бууралттай хоршсон эдийн засгийн өсөлт санхүүгийн зах зээлд дэмжлэг болохоос гадна бодлогын хүү бууруулах үйл явцад чухал нөлөөтэй. Бид 2024 онд S&P 500 өсөж, бүх цаг үеийн шинэ дээд түвшинд хүрч мөн 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.35% хүртэл буурахыг харсан.

АНУ-ын эдийн засаг 2024 оныг хүчтэй эхлүүлж байна

2024 он гарах үед эдийн засгийн өсөлт тодорхойгүй байсан ч сүүлийн долоо хоногийн мэдээллээс харахад АНУ-ын эдийн засаг сүүлийн хэдэн сарын турш сайн байгааг харж болно. Хүчтэй өсөлтийг дэмжсэн хоёр мэдээ гарсан нь:

Нэгдүгээрт, S&P Худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) хүлээгдэж байснаас өндөр гарч, 1 сард үйлдвэрлэлийн салбарын PMI индекс таамаглагдаж байсан 47.6-г давж 50.3-т хүрсэн нь 2022 оны 10 сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болов. Хурдацтайгаар бодлогын хүүг өсгөсөн нь сүүлийн 1.5 жил АНУ-ын үйлдвэрлэлийн салбар тэр дундаа орон сууцны барилга, үйлдвэрлэлийн салбар дарамт өгсөн юм. Сүүлд гарсан гэнэтийн эерэг үзүүлэлтүүд АНУ-ын үйлдвэрлэлийн салбар тогтворжиж эхэлсний илрэл байж магадгүй.

Үүний зэрэгцээ үйлчилгээний PMI индекс ч мөн бэхэжсээр байгаа нь АНУ-ын эдийн засаг дах үйлчилгээний салбар тасралтгүй хүчирхэгжиж байгааг харуулна. Үйлчилгээний PMI индекс 1 сард мөн хүлээлтийг давж 52.9-д хүрсэн. Цар тахлын үеэс эхлэн хэрэглэгчдийн аялал, амралтын үйлчилгээний эрэлт нэмэгдсээр байгаа тул үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөлтэй.

Үйлдвэрлэлийн PMI сүүлийн 9 сарын хугацаанд анх удаа 50-аас давлаа

(АНУ-ын S&P PMI - Үйлдвэрлэл)

Эх сурвалж: Bloomberg

Хоёрдугаарт, АНУ-ын эдийн засгийн өсөлт гайхшируулсан хэвээр. IV улирлын АНУ-ын ДНБ-ий өсөлт 3.3% гарсан нь хүлээгдэж байсан 2.0%-аас хамаагүй өндөр байна. Үүнд хэрэглээ тогтвортой байснаас гадна 2.8%-иар өссөн нь нөлөөлсөн билээ. Энэ нь АНУ-ын эдийн засгийн өсөлт зургаа дахь улиралдаа 2.0%-иас дээш гарсан тохиолдол болж байгаа юм. Сонирхолтой нь, сүүлийн хоёр улиралд өсөлт дунджаас илүү буюу 4.9% ба 3.3% гарсан юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өсөлт тогтвортой хэвээр байгаа ч ирэх улиралд бага зэрэг саарах магадлалтай. Энэ нь хэрэглээ суларч, хөдөлмөрийн зах зээл бага зэрэг хүйтэрсэнтэй холбоотойгоор өсөлтийн чиг хандлага аажмаар удааширч эсвэл бага зэрэг доош орж магадгүй. Гэсэн хэдий ч бид эдийн засаг хямарна гэж үзэхгүй байгаа бөгөөд зөөлөн буулт тохионо гэж найдсаар байгаа билээ. Нэмж дурдахад, он гарахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ялангуяа инфляцын түвшин буурч ХНС хүүгээ бууруулах хандлагатай байгаа тул хэрэглэгчдэд очих дарамт багасах боломжтой.

АНУ-ын ДНБ ба хэрэглээ 2024 оны сүүлээс өсөх ба тэр болтол дунджаас доогуур байх төлөвтэй

(улирлын өсөлт, %)

Эх сурвалж: Bloomberg

Инфляцын мэдээ эдийн засаг “таатай” түвшиндээ ойртсоныг харуулж байна

Эдийн засгийн өсөлтөөс гадна өнгөрсөн долоо хоногийн мэдээлэлд инфляц тогтмол буурах хандлагад орсныг харуулсан. Тайланд дурдсанаар инфляцын дарамтыг хэмждэг индекс 2020 оны тавдугаар сараас хойших хамгийн доод цэгтээ хүрч, 1 сард 51.7-д хүрсэн бөгөөд энэ нь мөн 2022 оны 4 сард 74.6 буюу дээд цэгтээ хүрч байснаас огцом буурсан үзүүлэлт юм. Мөн түүнчлэн суурь инфляцын мэдээлэл 12 сарын хүлээлтээс доогуур гарсан. Үндсэн инфляц одоо 2.9% байгаа нь өнгөрсөн сарын 3.2%-иас бага, 2021 оноос хойш анх удаагаа 3.0%-иас доогуур байгаа юм. Эдийн засгийн өсөлтийн хандлага дээгүүр байгаа ч инфляц буурч байгаа нь ирээдүйг өөдрөг харахад тусалж байна. Дундаж хүүгийн түвшин рүү буцахын тулд ХНС энэ жил бодлогын хүүгээ эртнээс бууруулах боломж бүрдлээ.

Суурь инфляц 2021 оноос хойш анх удаа 3.0%-иас доогуур байна

(жилийн хувь,%)

Эх сурвалж: Bloomberg

Хүн бүр ХНС-ийн шийдвэрийг хүлээсээр

Удахгүй 1 сарын 31-нд болох ХНС-ийн хурал хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байгаа ба одоогоор бодлогын хүүгээ 5.25%-5.5%-ийн хооронд барих төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт инфляцын мэдээ сайн гарсан нь ХНС хүүг хязгаарлагдмал хэмжээнд байлгах хэрэгтэйг харуулна. Одоогоор зах зээл 2024 онд ХНС хүүгээ ойролцоогоор зургаан удаа бууруулна гэсэн хүлээлттэй байгаа бол 12 сарын хуралдаанаар ХНС-ийн өөрийнх нь гаргасан төлөвлөгөөнд гурван удаа бууруулна гэж дурсан. Гэвч 3 сард хүү буурна гэсэн зах зээлийн хүлээлт сүүлийн долоо хоногт 50% хүртэл буурч, жилийн хоёрдугаар хагаст хүүг бууруулах хүлээлттэй байна.

Бидний үзэж байгаагаар ХНС энэ удаагийн хурлаар эдийн засгийн өсөлт, инфляцын ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрөх боловч хүүг бууруулахаа хойшлуулах болов уу. Суурь инфляцын түвшин буурах хандлагатай байгаа тул 2024 онд, магадгүй 6 сараас эхлэн хүүг гурваас дөрвөн удаа бууруулж магадгүй. Илүү өргөн хүрээнд авч үзвэл, ХНС эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хянаж, инфляцын дарамтыг үргэлжлүүлэн бууруулахын тулд хүүгээ аажмаар бууруулахыг илүүд үзнэ. Хэрэв ХНС зургаа ба түүнээс дээш удаа бууруулбал эдийн засгийг мэдэгдэхүйц удаашруулах ба хэрэв хүүгээ хоёр ба түүнээс цөөн удаа бууруулбал инфляц дахин өсөж байгааг илтгэнэ. Тиймээс бид 2024 онд хүүг 3-4 удаа бууруулах нь цаг хугацааны явцад тэнцвэртэй арга гэж харж байна.

ХНС бодлогын хүүг бууруулсны дараа зах зээл өгөөжтэй байдаг

Түүхээс харахад ХНС хүү бууруулж эхэлсэн, эдийн засаг хямралгүй үед зах зээл илүү сайн гүйцэтгэлтэй байх хандлагатай байдаг. 1990 оноос хойш ХНС анх удаа хүүгээ бууруулснаас хойших 12 сарын дундаж өгөөж эдийн засгийн уналтгүй үед 7.6% орчим байсан бол хямралын үед ердөө 0.5% өгөөжтэй байв. АНУ-ын эдийн засгийн сүүлийн үеийн хүчтэй мэдээллүүдийг харгалзан үзвэл 2024 онд эдийн засагт зөөлөн газардах нотолгоо нэмэгдэж байгаа ба энэ нь ХНС хүүгээ бууруулахад чиглэж байгаа учир зах зээлийн өгөөжид сайнаар нөлөөлж магадгүй.

Өнгөрсөн жил S&P 500 индекс 24%-иар өссөн нь зах зээлийн өсөлтийг урагшлуулсан, түүнээс гадна хиймэл оюун ухааныг тойрсон үйл явдлууд, тогтвортой эдийн засаг ч хүүгийн өсөлтийг үл харгалзан зах зээл өгөөжтэй байхад хувь нэмрээ оруулсан билээ. Түүнээс гадна өнгөрсөн жилийн зах зээлийн өсөлт хэдхэн салбарыг хамарсан байсан ба цаашид ирээдүйн өсөлт эдийн засгийн өргөн цар хүрээг хамарна гэж бид харж байна. 2023 оны төгсгөлд тохиосон хүчтэй хөдөлгөөний дараа зах зээл чигээрээ өсөхгүй ч ХНС хүүгээ бууруулж эхлэх тул одоогийн зах зээлийн хэлбэлзлийг хөрөнгө оруулалтын түвшинд хувьцаа бондынхоо аль алиных цар хүрээнд тэлэлт хийх цаг хугацаа, боломж гэж харж байна. Түүх бидэнд харуулсанчлан, инфляц буурч, ХНС хүүгээ бууруулж байгаа нөхцөлд, ялангуяа эдийн засаг тогтвортой үед хөрөнгийн зах зээл өсөх боломжтой.

Бодлогын хүү бууруулснаас 12 сарын дараах S&P 500 индексийн өгөөж хямралгүй байх үеийнхээс өндөр байдаг

(1990-2023, %)

Эх сурвалж: Morningstar Direct