Бодлогын хүүг бодсоноос эрт буулгах уу? Тийм хурдан биш ч буурах цаг тун ойртлоо

Гадаад
2024-01-12

Гол мэдээнүүд:

Инфляц цаашид буурах хандлагатай байгаа ч ХНС-ийн 2%-ийн зорилтот түвшинд хүртэл бартаатай байж мэдэхээр байна.

Бодлогын хүүгийн анхны бууруулалт зах зээлд хэлбэлзэл авчрах эх үүсвэр болж магадгүй. Шинжээчид ХНС-г энэ жилийн сүүлийн хагаст нь буулгана гэсэн хүлээлт илүү өндөр байна.

Компаниудын ашгийн төсөөлөл болон шинэ дээд ханш тогтоож байгаа явдал нь хөрөнгийн зах зээл өсөлтийн трендэд байгааг нотолсон хэвээр байна.

Шинжээчид өнгөрсөн оны хүчтэй өсөлтийн дараах уналтаас хувьцаануудыг хямд ханшаар авч багцаа бүрдүүлэхээс гадна хадгаламжийн сертификат эсвэл бусад бэлэн мөнгөний хөрөнгө оруулалтаа ХНС бодлогын хүүг буулгахаас өмнө урт хугацаат болгохыг зөвлөлөө.

Эдийн засаг 2023 онд уламжлалт бус циклээр замаа туулж байхад “инфляц” болон “ХНС” гэсэн хоёр үгс зах зээлийн мэдээнүүдэд хамгийн их дурдагдаж байсан. 2024 оны арилжааны эхний өдөр бидэнд инфляц, бодлогын хүүг цаашид хэрхэх талаар бага зэрэг харуулсан. Бид бодлогын хүүгийн буулгалт хэзээ болох талаар энэ 7 хоногийн тоймыг бэлтгэлээ. Дээрээс нь зах зээл хэлбэлзэлтэй болмогц ямар хөрөнгө оруулалтын боломжууд нээгдэх талаар онцлов.

Инфляцын мэдээ таамагласнаас илүү гарсан нь зорилтот түвшин хүртэл тэвчээр шаардаж магадгүйг харуулж байна

Бидний мэдсэн зүйлс:

Инфляцын мэдээ олны анхаарлыг татаж байсан ба 12 сарын инфляц 3.4%-тай гарсан нь өнгөрсөн сарын 3.1%-иас өссөн үзүүлэлттэй гарсан юм. Хүнс, эрчим хүчийг оролцуулаагүй суурь инфляц харин 4%-иас 3.9% болж буурсан байв. Энэ нь хэдийгээр 2.5 жилийн доод түвшин ч гэлээ шинжээчдийн таамагласантай таарч байхаас гадна ХНС-ийн зорилтот түвшнээс дээгүүр хэвээрээ байгаа юм.

Инфляцын ихэнх өсөлт буюу 50% нь үйлчилгээ болон орон сууцны үнийн өсөлтөөс ажиглагдсан. Автомашины даатгал өнгөрсөн жилээс 20%-иар өссөн нь 1976 оноос хойших хамгийн өндөр өсөлт байлаа.

Мөн хуучин автомашины үнэ унах хүлээлттэй байсан боловч өссөн гарсан. Бусад барааны үнэ өнгөрсөн сартай харьцуулахад бага зэрэг уналттай гарав.

Дүгнэлт: Инфляц цаашид буурах хандлагатай байгаа ч ХНС-ийн 2%-ийн зорилтот түвшинд хүртэл бартаатай байж мэдэхээр байна. Гэвч шинжээчид инфляцыг оны эцэс гэхэд хэвийн хэмжээнд хүрнэ гэж харж байна.

6 сайн, 1 муу мэдээ:

1. Түрээсийн төлбөр 2022 оны оргил үеэсээ буурсаар байна. Орон сууцны инфляцын мэдээ хоцрогдолтой байдаг тул дээрх уналт хараахан тусгагдаагүй ба ирэх хэдэн улирлаас ажиглагдаж эхлэх байх.

2. Бөөний үнэ хаялцын зах зээлээс харахад хуучин автомашины үнэ цаашид буурахаар байна.

3. Шинэ ажлын байр болон ажил хаялтын тооноос харахад хөдөлмөрийн зах зээл уналттай байхаас гадна цалингийн өсөлт буурч, улмаар үйлчилгээний үнийн өсөлт буурахаар байна.

4. Худалдан авагчдын инфляцын төсөөлөл буурсаар байна. Нью Йоркын ХНС-ийн өнгөрсөн 7 хоногийн санал асуулгаас харахад инфляцын төсөөлөл сүүлийн 3 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байв.

5. ХҮИ-тэй (CPI)-аас гадна үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 0.1%-иар буурсан нь таамаглаж байснаас илүү байв. Бөөний үнийн өсөлт буурч байгаа нь цаашид инфляцад эергээр нөлөөлөхөөр байна.

6. Эрчим хүчний үнэ ханш нь геополитикийн тодорхой бус байдлын улмаас хэлбэлзэл ихтэй байдаг тул одоогоор үнэтэй байна. Гэвч түүхий газрын тосны (WTI) ханш 73 доллартой байгаа нь сүүлийн 2 жилийн доод хэмжээнд байгаа юм.

Цаг үеийн судалгаанаас харахад түрээсийн үнийн өсөлт 2024 онд буурах шинжтэй байна

Нэг муу мэдээ байгаа нь Суэцийн сувагт нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал үүсэх эрсдэл үүсээд байна. Сүүлд Улаан Тэнгист болсон халдлагын улмаас нийлүүлэгчид Африкаар дамжуулан бараагаа тээвэрлэх болсон нь тээвэрлэлтийн зардлыг өсгөж магадгүй байна. Гэвч, 2021 онтой харьцуулахад нөлөө нь хамаагүй бага байх нь компаниудын бараа материал, тээвэрлэлтийн хүчин чадал өсөхөөс гадна эрэлт буурсантай холбоотой юм.

Тээвэрлэлтийн зардал өсөх хандлагатай байна

Бодлогын хүүгийн анхны бууруулалт зах зээлд хэлбэлзэл авчрах эх үүсвэр болж магадгүй. Шинжээчид ХНС-г энэ жилийн сүүлийн хагаст нь буулгана гэсэн хүлээлт илүү өндөр байна

Өнгөрсөн 7 хоногийн инфляцын тооноос харвал ХНС бодлогын хүүг шинжээчдийн таамаглаж байсны дагуу эрт буулгахааргүй байна. Бондын зах зээл бодлогын хүүг энэ 3 сард 1, 6 сараас өмнө 2 бууруулах магадлалыг 75% дээр төсөөлж байна. ХНС энэ сарын мөнгөний хорооны хурлаар дээрх хүлээлтийг няцааж магадгүй юм.

3 сараас өмнө нэмж 2 удаа инфляцын мэдээ гарах тул тэр хүртэл бодлогын хүүг хэзээ бууруулах дээр мэтгэлцсээр байж болохоор байна. Эхний буулгалт зах зээлд хэлбэлзэл авчирч магадгүй ч оны сүүлийн хагаст зорилтот 2%-д хүрэх магадлалтай байна. Инфляцын түвшин цаашид шулуун шугамаар унахгүй ч ХНС мөнгөний бодлого дээр илүү төвийг сахисан байр суурьтай болохоор байна. Мөнгөний бодлого эдийн засгийн хямралаас бус үнийн өсөлтийн бууралтаас болж зөөлөрвөл зах зээлд сайнаар нөлөөлнө.

Инфляц буурч байгаа нь ХНС 2024 онд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх шалтгаан болж байна

Компаниудын ашгийн өсөлт нь цаашид зах зээлийн өсөлтөд эергээр нөлөөлж магадгүй

Банкны хувьцаанууд өнгөрсөн Баасан гарагт 4-р улирлын тайлангаа танилцуулсан. Уг салбар нь сүүлийн 2 сард хүчтэй өссөн ч тайлан дундаж гарсан тул уналт үзүүлсэн. Хэдийгээр ихэнх банкнууд таамгийг давуулж биелүүлсэн ч зарим нэгийнх нь цэвэр хүүгийн орлогын төсөөлөл буурсан байв.

Ерөнхийд нь авч үзвэл, эдийн засгийн тогтвортой байдал компаниудыг үнийн өсөлттэй үеийг төсөөлж байснаас харьцангуй зөөлөн давж гарахад туслав. Өнгөрсөн жил компаниудын ашиг оргил үеэсээ нэрлэсэн дүнгээр 6%-иар, бодит дүнгээр 10%-иар (инфляцыг хассан) буурсан.

Энэ жил компаниудын ашиг эргээд сэргэх хүлээлттэй байгаа нь зах зээлийн үнэлгээ өсөх орон зай бага үед хөрөнгийн зах зээлд дэм болохоор байна. Доорх зургаас харахад, S&P 500 компаниудын ашиг ирэх 12 сар 2022 оны дээд цэгээс дээш өсөхөөр байгаа нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийн трендийн баталгаа болж байна.

S&P 500 компаниудын ашгийн төсөөлөл 2022 оны дээд цэгийг давлаа

Компаниудын ашгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн сэргэлттэй давхцах нь ирээдүйн өсөлтөд эергээр нөлөөлдөг. Dow индекс оны эхний арилжааны өдөр шинэ дээд ханшид хүрсэн бол S&P 500 индекс Баасан гарагт шинэ рекорд тогтоов. Түүхээс харахад, баавгайн зах зээлийн дараа 2-3 жилийн дотор зах өмнөх дээд ханшдаа хүрч байжээ. Харин өмнөх дээд ханшаа давсан тохиолдолд дараагийн 3 жилд нь баавгайн зах зээл болтол өссөн зүй тогтолтой байв.

Өнгөрсөн оны өсөлтийн араас хөрөнгийн зах зээлд ямар боломжууд байна?

2023 оны хүчтэй өсөлтийг бодолцож үзвэл хөрөнгийн зах зээлд ойрын хугацаанд бага зэргийн уналт тохиохыг үгүйсгэхгүй юм. Ялангуяа хөрөнгө оруулагчид компаниудын ашиг үнэхээр өсөж эхлэх болон бодлогын хүүгийн уналт хэзээ эхлэхээс их юм шалтгаална. Гэхдээ эдийн засаг хямралд оролгүй инфляц буурсаар байвал ХНС мөнгөний бодлогоо зөөлрүүлж, улмаар зах зээлд боломж гарч болзошгүй юм.

АНУ-ын технологийн хувьцаанууд 2023 онд ихэнх өсөлтийг үзүүлсэн. Гэвч, өнгөрсөн 11 сараас ихэнх өсөлтийн хүчээ алдсан тул эдийн засгийн мөчлөгөөс хамаарал ихтэй болон хамгаалалтын хувьцаанууд илүү анхаарал татаж байна. Шинжээчид эдгээр салбарын хувьцаанууд оны сүүлийн хагаст эдийн засаг сэргэж эхэлмэгц сэргэнэ гэж харж байна. Мөн АНУ-ын дунд болоод бага зах зээлийн үнэлгээтэй компаниудын хувьцаа зөөлөн газардалтаар өсөх боломжтой.

Хөрөнгийн зах зээлтэй адил бондын зах зээл 2023 оны сүүлийн 2 сард нь хүчтэй өсөлт үзүүлсэн. Ялангуяа 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 5%-иас 4% болж буурснаар өссөн. Цаашид өгөөж ийнхүү буурахын тулд ХНС шинжээчдийн таамаглаж байгаагаас илүүгээр бодлогын хүүг бууруулах шаардлагатай ба үүний биелэх магадлал одоогоор бага байна. Хадагаламжийн сертификат зэрэг бэлэн мөнгөний хөрөнгө оруулалтын хугацаа дуусахыг угтуулах урт хугацаат бондоос авахыг зөвлөж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид өндөр өгөөжийг урт хугацаанд авах нөлцлөө биелүүлэхээс гадна бондын ханшийн өсөлтөөс өгөөж хүртэх боломжтой юм. ХНС ирэх 2 жилд хатуу биш илүү төвийг сахисан байр суурьтай болох нь дээрх санааг дэмжиж өгч байна.

Дүгнэлт: 2024 оны эхээрх зах зээлийн уналт нь хувьцаа болон бондод хөрөнгө оруулах боломж болохоос гадна өнгөрсөн хугацаанд хараахан өсөлт үзүүлээгүй байгаа салбаруудад энэ жил гүйцэж өсөх боломж олгож байна. ХНС бодлогын хүүгээ буулгахаас өмнө хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөний хамдгаламжаас урт хугацаат бондод хөрөнгө оруулахыг зөвлөж байна.